Монголын геологийн холбоод нэгдэж ажиллахаар боллоо

Thumbnail

Монголын геологийн холбоод нэгдэж ажиллахаар боллоо

2020-01-15 geosociety1996 2359 0 Мэдээ

2020 оны 1 дүгээр сарын 10-нд геологийн мэргэжлийн 22 холбооны төлөөлөл Монголын геологийн холбоо (МГХ)-ны урилгаар тус холбооны байранд хүрэлцэн ирж, цаашид нэгдэж хамтран ажиллах талаараа ярилцжээ. Гол зорилго нь хүчээ нэгтгэж, төр засагтаа мэргэжлийн туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгч хамтран ажиллах үүд хаалгыг нээх зорилгоор ийнхүү анх удаагаа уулзсан аж. Улмаар эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэгэн тээвэр дор нэгдэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл (МГХНЗ) байгуулахаар болсон байна.

Нэгэнт ийм шийдвэрт 100 хувийн саналаар хүрсэн учраас шинээр байгуулагдах МГХНЗ-ийн дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсгийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, хуанлийн зургаан хоногт дүрмийн төслийг боловсруулах үүрэг хүлээлгэжээ. Энэ талаар МГХ-ны ерөнхийлөгч Я.Бат-Ирээдүй ярихдаа “Геологийн холбоод маань нэгдэж ажиллах тал дээр санал нэгдлээ. Анхны хуралдаанаар нэгдсэн байгууллагын нэрийг тогтоож, дүрэм боловсруулах ажлын хэсгийг байгууллаа. Үүний дараа бид дахин хуралдаж, зөвлөлийн дарга, гишүүд, Нарийн бичгийн даргыг сонгож, томилох юм” гэлээ.

Монголын геофизикчдийн холбооны гүйцэтгэх захирал Д.Цэдэнбалжирын хувьд  сэтгэгдлээ илэрхийлэхдээ “МГХ-ноос санаачлан нэгдсэн нэг холбоо байгуулах саналыг манай холбоо дэмжиж байгаа. Ингэснээр геологийн хөгжлийн асуудлаар төрийн асуудал боловсруулах, эрхзүйн бичиг баримт гаргахад геологичдын дуу хоолой, санал бодлыг тусгах чиглэлээр ажиллах хэрэгтэй. Нэг ёсондоо төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн төрийн бус байгууллага хэрэгжүүлнэ гэсэн үг. Зөвхөн энэ зөвлөл байгуулагдсaнаар үүнийг хийж чадна” гэсэн юм.

МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл үлдээх